Манай МБОИЗ ТББ нь Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон талт ажил хийж байгаагийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГазартай хамтран гэр хорооллын дунд “Дэвшилтэт техник-технологийн мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж байна.

 Мэдээллийн төвүүд нь Сонгинохайрхан дүүргийн  2, 8, 42-р хороодод байрлан гэр байшингаа хэрхэн дулаалах, түлшнээс татгалзаж дулааны өөр эх үүсвэр сонгох, сонголт хийх бол юун дээр анхаарах талаар мөн орчны бохирдлын эсрэг дадал хандлагын зөвлөмж өгөн ажиллаж эхлээд байна.

Толгойт орчмын бүс буюу 2-р хороонд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн төвийн нээлтэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуй хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, “Агаарын бохирдолтой тэмцэх тасаг”ийн мэргэжилтэн Ж.Энхтөгсмаа, МБОИЗ ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ нарын албаны хүмүүс ирж иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид мэдээллийн төвөөр үйлчлүүлж нэг дороос мэдээлэл авахыг иргэддээ санал болголоо.

Тус мэдээллийн төвийн гол зорилго нь Улаанбаатар хотын гэр хорооллын дунд агаар, орчны бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай дэвшилтэт техник технологийн мэдээлэл сурталчилгааны төв байгуулан, иргэд олон нийтэд мэдлэг мэдээлэл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дадал хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг олон талын оролцоотой зохион байгуулан ажиллахад  оршино.  Мэдээлийн төвөөр дамжуулан дэвшилтэт техник технологийг сурталчилж, мэдээллийг хүртээмжтэй болгох, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, асуумж судалгаа авах, хяналт мониторинг хийх арга зүйн удирдамжаар хангах зэрэг ажлуудыг хийнэ.Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор нэгдсэн ААН, байгууллагуудтай хамтран Монголдоо үйлдвэрлэж байгаа болон гадаад улсуудаас имфортлон борлуулж байгаа халаалтын төрөл бүрийн техник- технологийн тоног төхөөрөмж, гэр байшингаа дулаалах-дулаан алдагдлыг зогсооход хэрэгцээтэй төрөл бүрийн материалууд, сайжруулсан түлш болон стандартын зуух зэргийг тус төвдөө  байрлуулан сурталчлах юм.